Баянмөнх сум 1931 онд байгуулагдсан 3400 мянган ам кв газар нутагтай 1922 хүн ам,174828 толгой малтай, 2500 га талбайд үр тариа, малын тэжээлийн ургамал, 90,1 га талбайд төмс хүнсний ногоо тариалдаг мал аж ахуй-газар тариалангийн бүс нутаг юм.
Газар зүйн байршил:
Хэнтий аймгийн Баянмөнх сум нь 1931 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар зарлиг, Ардын засгийн газрын 1931 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2-р тогтоолын дагуу Дашбалбар уулын хошуунаас биеэ даасан сум, орон нутгийн засаг захиргааны нэгж болон ”ХАР ХӨНДИЙ” гэдэг газар байгуулагдсан. Сумын төв нь Улаан-Эрэг хэмээх газар байрладаг. Нутаг дэвсгэр, хил хязгаар Баянмөнх сум нь Дорнод Монголын тал хээрийн бүсэд багтаж физик газар зүйн мужлалаар хуурай хээрийн бүсэд хамаарч сумын төв нь Хэрлэн голын сав газарт далайн түвшнээс дээш 1110 орчим метр өндөрт Хойд өргөргийн 46 градус 53 минут 81.1 секунт, Зүүн уртрагийн 109 градус 46 минут 27.1 секунт-д Улаан-Эрэг хэмээх газар байрладаг. Нийт 255385 га нутаг дэвсгэртэйгээс хөдөө аж ахуйн газар 252231 га /үүнээс бэлчээрийн талбай 244167 га, хадлангийн талбай 7400 га, тариалангийн талбай 151 га, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар 513 га,/ хот тосгон бусад суурины газар 240 га, зам шугам сүлжээний газар 1412 га, усны сан бүхий газар 1501 га, улсын тусгай хэрэгцээний газар 1 га эзэлж байна. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1527 метр өндөр “Их Салхит” уул юм. Сумын нутгийн хойд зах нь Соёгийн худаг, зүүн зах нь Хөх нүдэнгийн худаг, урд зах нь Эргэнэг уул, баруун зах нь Дээд хадан хошуу юм. Улсын нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Чингис хотоос 100 км алслагдсан. Баруун, баруун урд талдаа Дархан сум, баруун хойд талдаа Дэлгэрхаан сум, хойд талдаа Жаргалтхаан сум, зүүн хойд талдаа Мөрөн сум, зүүн талдаа Баянхутаг сум, зүүн урд талдаа Галшар сум, урд талдаа Дорноговь аймгийн Их хэт сумдуудтай тус бүр хиллэдэг. Баянмөнх сум нь 4 баг, 1768 хүн амтай бөгөөд хүн амын дийлэнхи хувь нь халх ястан бөгөөд цөөн тооны Дөрвөд, Баяд гарал угсаатай иргэд байна.
2022-04-23 15:25:54